БАРИМТ: Соёмботой уулын ОРОЙ ДЭЭР "Огторгуйн шилтгээн" ХХК-д газар олгожээ

БАРИМТ: Соёмботой уулын ОРОЙ ДЭЭР "Огторгуйн шилтгээн" ХХК-д газар олгожээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Батцэрэг 2016 онд Богд хан уулын дархан цаазат газрын Богинын амны хязгаарлалтын бүсэд буюу олны нэрлэж заншсанаар "Соёмботой уул"-ын орой дээр газар олгожээ. 

Тодруулбал, Н.Батцэрэг нь БОАЖ-ын сайдын суудлаас буухаас хэдхэн хоногийн өмнө буюу 2016 оны долдугаар сарын 7-ны өдөр "Огторгуйн шилтгээн" ХХК-д Богдхан уулын тусгай хамгаалалттай Богинын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 1,6 га газрыг олгожээ. Ингэхдээ 1781000715 дугаартай 7451 м.кв, 1781000713 дугаартай 3027 м.кв, 1781000714 дугаартай 5647 м.кв гурван тусдаа нэгж талбар бүхий нийт 1,6 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон байна. 

"Соёмботой уул"-ын орчимд "Огторгуйн шилтгээн" ХХК-д олгосон 3 газрын мэдээлэл.

-Н.БАТЦЭРЭГ ХУУЛЬ ЗӨРЧИЖ "СОЁМБОТОЙ УУЛ" ДЭЭР ГАЗАР ОЛГОЖЭЭ-

Уг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тодруулбал, БОАЖ-ийн сайд асан Н.Батцэрэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчиж, аялал жуулчлалын зориулалтаар дээрх компанид ашиглах эрх олгосон байгаа юм. 

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай”  А/43, А/50, А/79 дүгээр тушаалаар "Огторгуйн шилтгээн" ХХК зэрэг байгууллага хувь хүний газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.

Тодруулбал, газрын ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдээр цуцалжээ.

Гэвч тус байгууллага нь дээрх шийдвэрийг үл зөвшөөрч, Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд хандаж, газар эзэмших эрхээ сэргээлгэж авчээ. /Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийг ЭНД дарж уншина уу/.

"Соёмботой уул"-ын орчмын газрын эрхээ сэргээхээр “Огторгуйн шилтгээн" ХХК шүүхэд ханджээ

"Огторгуйн шилтгээн" ХХК дээрх газруудад аялал жуулчлалын бааз барихаар ашиглах эрх авч байсан байна. Тус компанийн захирлаар Р.Бадрал гэх хүн ажилладаг бөгөөд "Огторгуйн шилтгээн" ХХК нь барилгын засвар, засал чимэглэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

“Огторгуйн шилтгээн" ХХК-ийн УБЕГ-ын мэдээлэл




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө