Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Малайз улсын нутагт Суматрын хирс устаж дууссаныг зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Малайзын Борнео арлын амьтны хүрээлэнд тус улсад үлдээд байсан сүүлчийн ганц Суматрын хирс үхсэн тухай өчигдөр зарлажээ.

2014 оны гуравдугаар сард зэрлэг байгалиас барьсан энэ амьтан хэд хэдэн удаа өвчилсөн ч Малайзын эрдэмтэд эмчилж, тордсоор өнөөдрийг хүргэсэн юм.

Суматрын хирс нь хирсний төрөл зүйл дотроо хамгийн жижиг биетэйд тооцогддог. Нэгэн үе Энэтхэг хүртэл Азийн өргөн уудам нутагт тархан амьдарч байжээ.

Гэвч ой шугуйг эрчимтэй устгаж, хулгайн ан нэмэгдсэнээр тоо толгой нь огцом буурч эхэлсэн юм. Одоо Суматрын хирс дэлхий даяар 80 орчим тоотой үлдээд байгаагийн ихэнх нь Индонезийн Суматра аралд байна.

Ойрын жилүүдэд бүрэн устаж алга болох амьтдын тоонд нэгэнт ороод байгаа амьтан юм. Хирсний төрөл зүйлүүдээс зөвхөн Африкийн болон Суматрын хирснүүд хамар дээрээ хос эвэртэй байдаг.

Харин Энэтхэгийн болон Ява арлын хирснүүд ганц эвэртэй байдаг юм.

Хирсний эвэр нь уламжлалт анагаах ухаанд чухал түүхий эд болдог тул хулгайгаар авлах явдал түгээмэл байдаг ажээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

Зураг
11 | 7 | 6 цаг