Шууд Chart

Устах аюулд ороод байсан Суматрын хирсний эрэгчин нь үхжээ

2019-05-28 15:59:15

Устах аюулд ороод байсан Суматрын хирсний эрэгчин үхэж, байгаль хамгаалагчид эмгэнэл зарлаж байна. Малайзын нэгэн байгалийн нөөц газарт хамгаалалтад байсан Суматрын хоёр хирсний эрэгчин нь даваа гарагт үхсэн байна. Ингэснээр дэлхийн хамгийн жижиг биетэй нэгэн төрлийн хирс бараг устаж үгүй болж байгаа тул Малайзын байгаль хамгаалагчид эмгэнэж байна.

Зэрлэг амьтан, ургамал хамгаалах ажилтнууд хирсийг 30 настай байсан гэж үзэж байснаа мэдэгджээ. Орон нутгийн хэвлэлд бичсэнээр энэ амьтны элэг, бөөр өвддөг байсан байна.

Малайз дахь Дэлхийн байгаль хамгаалах сангаас “Бид бүхэн нэгэн төрлийн хирсээ алдаж байгаадаа эмгэнэж байна” гэж мэдэгдсэнээс гадна “Там гэдэг энэ хирс үгүй болж, Иман гэдэг сүүлийн ганц эмэгчин хирс л үлдлээ. Энэ явдлыг бүх нийтээрээ ухаарал сэхээрлийн дуудлага болгож, амьд байгаль, зэрлэг амьтан, ургамлаа хайрлан хамгаалах хэрэгтэй байна” гэж твиттерт бичжээ.

Малайзын Засгийн газраас энэ зэрлэг амьтныг устаж үгүй болж байгааг 2015 онд зарлан, Иман гэдэг эмэгчин хирсийг хиймлээр үр тогтоон үржүүлэх талаар Индонезийн талтай хамтран ажиллаж байсан байна.

Цор ганцаар үлдсэн эмэгчин хирс Иманд өндгөн эс боловсруулах боломж одоо ч бий. Гэхдээ савны асуудал нь хээлтэх чадваргүй болгосон гэж Малайзын Сабах муж дахь Зэрлэг байгаль хамгаалах газрын захирал Аугустин Тууга ярьсан байна.

Суматрын хирс нь хоёр эвэртэй, үсэрхэг, Азийн хирсний цор ганц төрөл юм байна. Үүнээс өмнө 2017 онд Пунтун гэдэг өөр нэг эмэгчин хирс үхсэнээр нэгэн цагт Тайланд, Мяньмар, цаашлаад бүр Гималайн нурууны зүүн талаар хэрэн нутагладаг байсан Суматрын хирснээс эрэгчин хирс Там, эмэгчин хирс Иман хоёр л үлдээд байжээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Устах аюулд ороод байсан Суматрын хирсний эрэгчин нь үхжээ   
Үзсэн: 1142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй